Лодонгийн Түдэв: Хорвоотой танилцсан түүх "Дуутай танилцсан нь"
Лодонгийн Түдэв:
Хорвоотой танилцсан түүх
Дуутай танилцсан нь
Аав нэгэн өдөр авдрынхаа арын хонгил уруугаас нарийхан шар алаг хөндий мод гаргаж ирлээ. Хөндий хулсан савааны бөөрөн дээр нь хэдэн нүх гаргасан байлаа. Аав түүнийгээ хөндлөн барьж бөөр уруу нь нэг үлээж үзсэнээ хурууныхаа өндөгнүүдийг шүлэмдэж чийглэлээ. Дараа нь хулсан савааг хөндлөн барьж нүх бүр дээр хуруу бүрийн өндгөөр дарж уруулаа урагш цорвойн үлээж эхэллээ.
Эхлээд салхин уяханаа исгэрэх мэт дуу гарч төдөлгүй огцом өөрчлөгдөн усны урсгал адил болж, миний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй тийм сайхан дуу гарлаа. Аавын гарын хуруунууд хулсан савааны бөөрөн дээр ээлж дараалан цовхчин бүжих мэт дэгдэн товшиж, дууны аялгуу нь тэрийг дагалдан хувирч байлаа.
Хөндий тэр хулс, аав хоёр тоглон наадаж бие биеийг хөөцөлдөн барин тавин байх мэт санагдана. Аавын хуруу хулсан саваанаа буухад тэр нь баригдсандаа баясан инээх буюу эсвэл гомдон гаслах, улмаар чарлан зүггүйтэх мэт ажээ. Тэрхүү хулсан савааны гаргаж байгаа дуу нь зуны сарын ногоон ой хөвч шуугин исгэрэх шиг, цавчим элгэн хаднаас булгын тунгалаг ус хоржигнон буух шиг, тэгснээ хөвчийн өндөр модонд хөхөө хавшин донгодох мэт, хан уулсын цэнхэр оргил дээгүүр усны шувууд гангар гунгар нисэн ирэх мэт санагдана. Өвөөлж бөвтнөж, хойлог ёйлж, шар шувуу шуухилж, хөхөө хавшин, шаазгай шагширч, хэрээ гуаглан, элээ янцгаахыг ч би тэрхүү хөндлөн модноос сонслоо. Намрын хонгор салхинд өвсөн толгой шуугин давалгаалах хонь мал төллөн, хурга ишиг эхтэйгээ нийлэхэд хадны цуурай тэднийг дуурайн майлах мэт дуу авиа ч бас л тэр хөндлөн модноос сонстлоо.
Миний өчүүхэн бор зүрх уяран хайлж, бадран догдолж, донсолж байлаа. Тэрхэн мөчид бид хамаг бүхнийг мартаж баясан цовхчиж туранхай цээжний минь чанад багтаж ядан гагцхүү эцгийн эвэрлэг арван хуруу хулсан саваандаа дэгдэн наадахыг л ажиглан суулаа. Аавын духнаа гарсан гүнзгий атирааг дагаад хөлс дааварлан гялтганаж, уруул нь үл мэдэг чичрэгдэн, нүдний нь харц алсын алсыг ширтсэн мэт намуухан болжээ.
Нэг мэдсэн харанхуй нөмрөөд орхих мэт хачин жигтэй, бас ч зэврүүхэн болжээ. Аав тоглохоо зогсоосноос тэр мэт хачин сэтгэгдэл төрлөө.
-Аав аа, энэ чинь юу юм бэ? гэж би сая ухаан орсон адил гайхан асуулаа.
-Лимбэ гэдэг хөгжим. Үүгээр орчлон хорвоогийн дуу чимээг үйлдвэрлэдэг юм гэж аав шоглох мэт хэллээ. Аав үйлдвэрийн ажилчин болсноос хойш тэгж үйлдвэр гэхчлэн үг ярьдаг болчихсон юм.
-Аав аа юутай сайхан юм бэ! Надад зааж өгөөч гэж би гуйлаа.
-Өөрөө оролдож сур. Тэгвэл сурах эсэх нь мэдэгдэнэ. Өөрөө оролдоод чадахгүй бол түүнд авьяасгүй гэж мэдээрэй.
Энэ ярианаас хойш би тэрхүү лимбэ гэдэг хөндий савааг толгойгоо дүүртэл үлээж сар шахам боллоо. Тэр лимбэнээс ямар нэгэн дуу гарахгүй би гарч байв аа. Гэхдээ өвлийн шөнө хотын захад чоно улих юм уу, эсвэл гадаа тавьсан данхны цоргоор салхи орох үед юу дуулддаг билээ тэр мэт дуу авиа гарч байлаа.
-Яршиг, дамшваа минь толгой эргэж гүйцлээ.
-Чихний улиг барлаа! гэж эмэг ээж, залуу ээж цөмөөрөө уцаарлаж байлаа. Тэр бүхэнд би шантарсангүй. Лимбэ үлээн ёнгинуулсаар байтал ээж нэгэн өдөр намайг дуудаж:
-Миний хүү, би чамд өөр сайхан хөгжим зааж өгье. Энэ лимбэ чинь чих дөжрөөчих золиг байна, орхи! гэлээ.
Ээж маань чүдэнзний хайгцагнаас арай жижиг дөрвөлжин хулсыг буйлан дотроосоо гаргаж ирэв. Тэр дөрвөлжин хулсны голд нүхэлж хоёр нимгэхэн хэл шиг юм зоогоод хоёр үзүүрт нь шар утас бэхэлжээ. Ээж:
-Аман хуур нэртэй юм гээд нөгөөх дөрвөлжин хулсаан амны хөндийд байрлуулж тагнай хэл хоёрын хооронд тогтоогоод утасны үзүүрээс чичрэгнүүлэн татаж нэг чангалан, нэг султгаж уруулаа хөдөлгөн наадахад аавын лимбэнээс дутахгүй мөртлөө намуухан дуу гарч эхлэв. Тэр дууны сайхан нь миний сэтгэлд таатай, чихэнд чимэгтэй байлаа. Ээжээс бяцхан холдъё гэвэл тэр аман хуурын дуу сонстохоо болино.
-Миний хүү чамд энэ ямар санагдана? гэж ээж надаас асуув.
-Сайхан байна. Дуу нь жаахан бүдэг юм.
-Аав чинь “ Бас л сайхан дуутай юм байна” гэж аман хуурт дурладагсан. Хуураа татаач гэж үргэлж гуйдагсан. Тэгээд аман хуурын дууг бүдэгхэн байна гэж хацарт минь хацраа наан чагнадагсан гэж ээж яриад санаа алдаж миний толгойг иллээ.
Тэр цагаас хойш би дуунд дуртай боллоо. Аавын лимбэдэхийг, ээжийн хуурдахыг сонсох бүрий сэтгэл уярч, хоолой дээр минь бөөн юм зангиран ирдэгсэн.
Тэгээд би хөгжимчин болохыг хүсэв. Нагац ахынд айлчлан очихдоо өөр нэгэн хөгжимтэй танилцлаа. Нэгэн үзүүрт нь илгэн бүрээстэй жааз бэхэлж, нөгөөд нь хөндлөн бариул зоож хооронд нь адууны хялгас татсан тийм хачин юм нагац ахын авдар дээр байхыг би олж үзээд юу гээч эд болохыг мэдэх хүсэл хязгааргүй буцлаад аргагүй асуулаа.
-Бисаанз гэдэг юм. Дуу гарна! гээд нагац ах тэр хачин багажаа авч лаазтай талаар өвдөг дээр тавьж нум шиг юмаар хөрөөдөж зүүн гарын хурууг дээш доош гүйлгэж эхлэхэд мөн л урьд сонстоогүй уяхан дуу гарлаа. Тэгтэл буурал аав манайд айлчилж ирэв. Би түүнд бисаанзаа гайхуулан үзүүлсэнд:
-Пийшь, яасан сайхан бисаанзтай юм бэ? Аль вэ аав нь даръя гэж тэр ухасхийн бисаанзыг авч хяхтнуулан хөрөөдлөө.
-Өвгөн та хөгийн тааруулаад! гэж манайд ирсэн өөр нэг өвгөн хэлсэнд:
-Харин тааруулахаар л зэхэж байна даа гээд буурал аав бисаанзны чихийг дураараа нэг мушгиж байв.
Маргааш өглөө босож үзвээс бисаанзны иш углуургаараа хугараад амьгүй могой шиг гулжийж хэвтлээ.
-Чихийг нь хэтэрхий мушгиснаас эх биеэ хуга даржээ гэж нагац ах өгүүлэв.
Бисаанзаа засуулж авах гэж аймгийн төв орлоо. Аав аймгийн төв дээр мужаан хийж байсан юм л даа.
Тэгтэл өөр нэг хачин хөгжим үзэв. Бааст гэдэг ногоовтор нүдтэй, зузаан уруултай жаал шанага адил модон юм барьж нэг гараар шудран цохиж, пиржигнүүлэн дуугаргаж нөгөө гараас ишин дээрээс нь атган хуруугаар дарж байлаа.
-Юу вэ? жаалаа? гэв.
-Мандолин хөгжим гэж мэдэх үү? Чам шиг нусгай ч үүнийг шанага гэж андуурна даа хэмээн тэр хүү ёжлов. Тэр даруй би түүний шавь боллоо. Түүнд би нэг сайн чавх өгч дээр нь хөөрхөн шар шил нэмэр болгов. Бааст түүнийг дуртайяа авч, над багшлах болов.
-Миний зүүн гарын дөрвөн хурууны өндөг төдөлгүй цэврүүтжээ. Хөгжмийн утсанд хүрэхэд халуу шатан өвдөнө. Гэвч хөгжимд дурлах сэтгэлийг минь зуурдын өвчин дийлсэнгүй. Цэврүү нь эвэр болон хувирлаа. Эвэр өндөгтэй болсноос хойш мандолин дарах хорхой минь улам нэмэгдэж байж сууж ядах болов. Хоёр сайхан дууг мандолийндаж сураад байтал гай тохиолдлоо. Гарын хурууны чилэхийг мэдэхгүй тоглож байтал жүнгэнэх дуун сонстож мандолины нэгэн утас нь тасран нисэж одлоо. Бааст бид хоёр гаслан уйлав. Мандолины утас хөдөө газар олдохгүй гэдгийг Бааст мэдэж байжээ. Үнэхээр утас олдохгүй байлаа.
Тийнхүү надад хөгжимчин болох аз дутжээ. Хөгжимнөөс сонирхолтой нэгэн юмтай яг тэрхүү мандолины утас тасарсан чөлөөнд учран тохиов. Тэр бол зураг байлаа. Зураг хөгжмийг ялж би хөгжмөөс зурагт урваад дахин түүнтэй учирсангүй. Тэгээд би эцгийн адил лимбэ дутуу хагас дуугаргадаг төдийгөөр хөгжмийн боловсролоо дуусгажээ. Гэвч би хорвоогийн уяхан дууг хөгжмөөр дамжуулан мэдэрснээ үл мартав. Хорвоо исгэрч, уухилж, уянгалж, бархирч, гасалж, уйлдаг юм билээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
гоё зохиол байна шүү👍🏻👍🏻👍🏻
Маш гоё байна
Маш гоё зохиол болсон байна.Надад маш их таалагдлаа